Засгийн газарт ЭДИЙН ЗАСГАА СОЛОНГОРУУЛАХ боломж байна

Экспортын зээлийн агентлаг байгуулагдчихвал монголчуудад торомны ноос, сарлагийн хөөвөр, малын гаралтай бүтээгдэхүүнээрээ дэлхийд өрсөлдөх боломж байна

Өндөр хөгжилд хүрч буй улс орнуудын Засгийн газар хэрхэн экспортоо оновчтой арга барилаар “удирдаж”, эдийн засгийнхаа үр ашгийг нэмэгдүүлсэн бэ гэдэг дээр арвин туршлагатай байдаг. Учир нь экспорт бол үндэсний үйлдвэрлэлийг шинэ түвшинд хүргэдэг “цахилгаан” шат, эдийн засгийн нэг “өнгө” болохоор тэр.

Манай улсын хувьд нийт экспортын 80-90 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн эзэлдэг. Байгалийнхаа баялгийг байгалиас нь буюу газрын хэвлийгээс нь шууд олборлосон байдлаар экспорт хийдэг. Харин үлдсэн цөөн хэдэн хувийн экспортыг боловсруулаагүй ноолуур, угаагаагүй ноос, мах, түүхий арьс шир зэрэг цөөн бүтээгдэхүүн эзэлж байна. Монголбанкнаас мэдээлснээр, зөвхөн долдугаар сард 960.6 сая ам.долларын экспорт, 482.1 сая ам.долларын импорт хийжээ.

Дэлхийн хэмжээнд цар тахал нүүрлэж буй үед энэ тоо “чамлахаар чанга атга” гэж байгаа ч цаашид Коронавирусний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө хүчтэй байна, 2-3 жил үргэлжилнэ гэх таамаглалыг судлаачид гаргачхаад байна.

Байгалийн баялаг бол тогтвортой, хүртээмжтэй эдийн засаг болж чаддаггүй. Тиймдээ ч манай улсын эдийн засаг түүхий эдийн үнэ ханшны нөлөөгөөр савалсаар ирсэн. Тэгэхээр цаашид Монгол улс эдийн засгаа яаж аварч үлдэх вэ. Нүүрлэж болзошгүй эдийн засгийн хямралыг яаж хохирол багатайгаар даван туулах вэ. Ялангуяа эдийн засгийн нэг багана болсон экспортоо яаж авч үлдэх вэ гэдэг дээр хариулт гарцаагүй хэрэг болох нь.  

Дээрх асуултад  Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим судалгаагаараа хариулахыг зорьжээ.

Тус танхим өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн МҮХАҮТ болон Монголын худалдааг дэмжих төсөлтэй хамтран Монголын ЖДҮ-ийн экспортын санхүүжилт сэдвээр судалгаа явуулжээ. Судалгаагаа нэлээд өргөн хүрээг хамруулж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас хүртэл санал авсан байна. Ингэхдээ уул уурхайн бус экспортод үзүүлэх ковид-19 цар тахлын нөлөөллийг яаж бууруулах вэ цаашлаад экспортын дунд хугацааны чадавхийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр голчлон анхаарчээ.

Үүний эцэст Монгол улсын Засгийн газар хэд хэдэн зүйл дээр зоригтой алхам хийж чадвал эдийн засгаа “солонгоруулах” мөрөөдлөө биелүүлэх боломж байна гэдгийг хэлж байна.

Манай улсын банк санхүүгийн системд экспортын санхүүжилт гэх нэр томъёо цөөн тохиолдлыг эс тооцвол бараг хэрэглэгдэхгүй байна. Хэрэв манайд энэ төрлийн санхүүжилт олгогдвол экспортын хэмжээ дор хаяж 50-80 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Гэхдээ манай улсад экспортын санхүүжилт “идэвхгүй” байгаа шалтгаан нь нийгмийн байдалтай шууд холбоотой. Ядаж л улстөрийн эрсдэл B зэрэглэлтэй байгаа нь үүний бас нэг том саад. Харин араас нь банкнуудын засаглал сул, зээлийн чанар муу, ААН-ийн санхүүгийн тайлан, хуримтлал, гүйлгээний чанарын тааруу үнэлгээ, эрхзүйн ойлгомжгүй зохицуулалт зэрэг нь олон улсын банкнуудын Монгол улс дахь худалдааг санхүүжүүлэх сонирхлыг бууруулж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Тиймээс төрөөс экспортыг дэмжих бодлого явуулахын тулд Экспортын зээлийн агентлаг байгуулах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр судалгааг гаргасан  Монгол Улсын Худалдааг дэмжих төсөл болон  Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим санал нэгтэй байна. Энэ байгууллага экспортын өмнөх болон экспортын санхүүжилтийг бага хүүтэйгээр олговол Монголын экспортлогчдод дэлхийд өрсөлдөх боломж байна гэдгийг тэд харжээ. Ийм төрлийн агентлагууд дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, эдийн засгаа дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Дээрх улс орнуудаас Европын холбооны гишүүд орнууд тэр дундаа Төв европын орнуудын туршлагаас судалж, хэрэгжүүлбэл хурдан ахиц гарна гэдгийг тэд онцолж байна.

Гэхдээ мэдээж агентлаг байгуулагдахтай зэрэгцээд дээр дурдсан банк санхүүгийн системээ сайжруулж, олон улсын зах зээлд түгээмэл хэрэглэгддэг экспортын банкны бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлж, түүнийг ашиглахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг бий болгох мөн гаднаас татсан экспортын санхүүжилтийн татварыг юуны түрүүнд бууруулах  шаардлагатайг тэд онцоллоо.  

Хэрэв эрхзүйн орчин болоод банк санхүүгийн систем экспорт хийхэд таатай орчин бүрдчихвэл монголчууд дан ганц уул уурхайгаас хамааралтай бус аж ахуйгаа эрхлээд амьдралаа ч сайжруулж болох гарц байгааг тэд бас хэллээ. Манай улс ноолуураараа дэлхийд алдартай нь үнэн. Гэхдээ энэ салбарт БНХАУ болоод Итали улс хүчтэй өрсөлдөгчид. Харин сарлагийн хөөвөр, торомны ноос, малын гаралтай бүтээгдэхүүн, арьс ширээ нэмүү өртөг шингэсэн хэлбэрээр олон улсад гаргавал өрсөлдөгчгүй байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close