Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж, гэрийн 14 хоногийн тусгаарлалтыг цуцаллаа

УОК-оос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж дууслаа. ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар  9 дүгээр сарын 16-наас эхлээд олон нийтийн үйл ажиллагаа болон урлаг, соёлын арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Мөн энэ сарын 21 –нээс эхлээд бүх шатны боловсролын байгууллагуудыг хэвийн горимд шилжүүлнэ. Үүнд их дээд сургууль орно. Өмнө нь их дээд сургуулийн үйл ажиллагааг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байсан ч хугацааг нь ийнхүү наашлууллаа.

Гэхдээ хил нээхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 10 дугаар сарын 31-ныг хүртэл сунгасан. Энэ хугацаанд тусгай үүргийн чиглэлийн нислэгүүд хийгдсээр байна. Гэхдээ 9 дүгээр сарын нислэгүүд дүүрэхгүй байх тохиолдол гарч байна.

Иргэдийн зүгээс коронавирустэй холбогдуулан тусгаарлалтын хугацааг багасгах шаардлага тавьсан. Уг шаардлагын дагуу гэрийн хориог цуцалж байна. Харин тусгаарлалтын байран дахь 21 хоногийг багасгах боломж байхгүй гэдгийг холбогдох албаныхан анхааруулж байгаа. Дэлхийн ихэнх оронд болон манай улсад ч гэсэн тусгаарлалтын 19,20 дох хоногт халдвар илэрсэн тохиолдол илэрсэн. Тиймээс Засгийн газар энэ хугацааг багасгахгүй гэж шийдвэрлэсэн.

Түүнчлэн УОК-ын шийдвэртэй холбогдуулан 2 настай хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй болсон. Тооцоо судалгаагаар хоёр настай хүүхэдтэй 80 мянган эцэг эх байна. Тиймээс хоёр настнууд цэцэрлэгт хамрагдана. Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 159 төв байна. Тэдгээрт стандарт хангуулж ажиллахыг тухайн дүүрэг, сум хороодын албаныхан хангуулна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close