“Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн хамт олон 2020 оны өдрийн ачилтын дээд үзүүлэлтээ тогтоолоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон 2020 оны өдрийн ачилтын дээд үзүүлэлтээ тогтоолоо. Тодруулбал, уурхайн  Б болон Г ээлжний хамт олон  2020 оны 9 дүгээр сарын 24-ний  07:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 07:00 цаг хүртэл 1205 тээврийн хэрэгслийн 1310 тэвшинд 91,328.55 тонн нүүрс ачиж гаргасан нь энэ оны өдрийн ачилтын дээд үзүүлэлт боллоо.

 Мөн 00-00 цагийн үзүүлэлтээр тооцоход 2020 оны 9 дүгээр сарын 24-ний 00 цагаас 25-ны  00 цаг хүртэл 1175 машин, 1294 тэвш нүүрс ачсан нь компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өмнөх дээд үзүүлэлт нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны  өдөр 00-00 үзүүлэлтээр 1177 машин, 1229 тэвш нүүрс ачиж байсан хэмжээ юм.

Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар саруудад нүүрс борлуулалтын хэмжээ огцом буурсан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр нөлөө болон нүүрсний борлуулалтыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай ТУЗ-аас баталсан удирдамжийн хүрээнд энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дугаар сард олоод байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оны 3-р улирлын байдлаар 4.9 сая тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулсан бөгөөд үүний 61% буюу 3 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас, 39% буюу 1.9 сая тонн нүүрсийг Цанхийн баруун уурхайгаас ачуулаад байна.

Энэ оны 9 дүгээр сард /2020-09-25-ны өдрийн байдлаар/ 1.3 сая тонн нүүрс борлуулж, ачуулсан нь өмнөх сарын үзүүлэлтээс гурав дахин өссөн үзүүлэлт буюу энэ оны нийт борлуулалтын 30 хувийг эзэлж байгаа өндөр үзүүлэлт болов.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close